Цагаан цувтай бүсгүй

Цагаан цувтай бүсгүй

......Цав цагаан даашинз өмсөж, уруулаа ягаан өнгөөр будаад алхана. Ингэж явах шалтгаан нь миний хайр л байв. Энэ орой Антоны бие даасан уран бүтээлийн цэнгүүн Москвагийн их театрт болно. Тэр минь намайг тоглолтондоо урьж, цаашлаад өмсөж яваа даашинз, бүрх малгайг цагаан цувтай минь ижилсүүлэн хийлгэж өгсөн. Үлгэрийн гүнж шиг инээмсэглэн алхах намайг энэ үдшийн гэрэлт цагаан хун байг гэж төсөөлсөн байх. Уран бүтээлч хүмүүс сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, мөрөөдөх дуртай. Концертын тасалбараа атгасан чигтээ театрын хаалгаар орлоо. Ай юутай романтик вэ... суудал дээр минь сагс дүүрэн цагаан сарнай намайг хүлээж байв. Тэр зөвхөн миний төлөө тоглолт зохион байгуулж, хайрынхаа төлөө эдгээр хөгжимчид, хөгжмийн удирдаач, олон зуун үзэгчдийг цуглуулсан юм шиг дэвэргэн бодол төрж, сэтгэл өөрийн эрхгүй уярч хайлан байлаа. Улаан хүрэн эмжээртэй торгомсог хөшиг алгуурхан нээгдэхэд найрал хөгжмийн бүхэл бүтэн оркестор, сүр бараат уулсын гоёмсог модод шиг ирийн суужээ. Хөгжимчдийн баруун жигүүрт хэзээ хэзээгүй нисэхэд бэлэн болсон далавчит хүлгээ сойн зогсоо баатар эр шиг цав цагаан өнгөтэй “хаан” хуурын өмнө Антон инээмсэглэн зогсож байлаа. Тэрбээр тас хар фрак өмсөж, час улаан эрвээхэй зангиа зүүжээ. Тайзны араас гоцлол хөгжимчин, хөгжмийн зохиолч Антон Семонович Торопцев хэмээн зарлахад үзэгчдийн зүг мэхийн ёслоод төгөлдөр хуурынхаа ард суулаа. Алга нижигнэнэ. Түүний хуруу хөгжмийн товруун дээр хүрэхүйд намуухан аялгуу эгшиглэж, уянгалаг найрал хөгжмийн хөнгөн аялгуу дуурслаа. Үзэгчид амьсгалаа түгжсэн мэт анир чимээгүй болж, сонгодог хөгжмийн гайхалтай аялгуу зүрх сэтгэл рүү нь нэвчиж, улмаар тэр мөч, тэр оршихуйд нэгдэн ууслаа. Би түүний бүжих мэт хуруудын дээгүүр далавчаа дэвэн эргэлдэн нисэх гэрэлт цоохор эрвээхэйнүүдийг олж харав. Энэ зөвхөн миний төсөөлөл ч гэлээ эргэн тойронд суугаа хүмүүс ч миний ижил гэрэлт цоохор эрвээхэйг олж харах гэсэн мэт Антоноос харцаа салгаж чадахгүй, ер бусын хөгжмийн аялгуунд тунаран хөвөрч суугааг мэдэрч байлаа. Би ч бас төсөөлөөсөө салж үл чадна.

Ангилал:

Орчин үеийн уран зохиол

Насны ангилал:

0+

Хуудасын тоо:

236

ISBN:

9789919229863

Нийтлэгдсэн:

2020-12-25

Нийтлэгч:

Х.Дуламсүрэн

Зөвхөн Mplus апп дээр татах, унших боломжтой.