
Яагаад ардчилал гэж?
70 жилийн турш манай оронд ноёрхож байсан коммунист засаглалыг түлхэн унагаахад Монголын ард түмэн тэр чигээрээ босч орон даяар тэмцлийг өрнүүлэн ялалтанд хүргэсэн билээ. Ардчилсан хувьсгалыг удирдан зохион байгуулсан хүмүүсийг манай ард түмэн сайн мэднэ. Харин тэднийг дэмжин гудамж талбайг сүрт жагсаалаар дүүргэж, өлсгөлөн зарлагчдын арын албыг залгуулж, өдөр шөнөгүй, хот хөдөөгүй ухуулга сурталчилгаанд явж, ардчиллын анхан шатны үүр байгуулж, залан чиглүүлж, амаргүй тэмцлийг гардан гүйцэтгэсэн ардчиллын “явган цэргүүд”-ийг хүмүүс тэр бүр танихгүй. Тэд байгаагүй бол удирдагчид нь хичнээн ухаалаг, хичнээн зоригтой байлаа ч энэхүү үйлийг бүтээж хүчрэхгүй байсан нь ойлгомжтой. Ардчиллын тэр олон “явган цэргүүд” л аливаа жагсаал цуглааны сүр хүч нь болж, бүгд эрслэн боссоны хүчинд дарангуй дэглэмийг буулгаж авсан юм. Энгийн хүмүүс энгийн бус үйлс бүтээснийг аугаа үйлс гэдэг. Хоёр том гүрний дунд хавчуулагдан оршдог, гадаад ертөнцөд төдий л танил бус байсан Монгол орныг маань өнөөдөр дэлхий дахинаа АРДЧИЛСАН МОНГОЛ гэж хэлдэг, мэддэг, бахархан дууддаг болсон нь чухамдаа тэдний гавъяа, жинхэнэ аугаа үйлс юм. Энгийн хүмүүсийн бүтээсэн аугаа үйлс, бодит түүхийг энэхүү номонд буулгахыг хичээсэн билээ. Номын 1,2-р бүлэгт 1989 оны 12-р сард эхэлсэн эсэргүүцлийн хөдөлгөөнөөс 1990 оны 6-р сард болсон анхны чөлөөт сонгууль хүртэлх Ардчиллын төлөө тэмцлийн бодит түүхийг цаг хугацааны дарааллаар өгүүлнэ. Чингэхдээ тухайн үйл явдлыг баримт, зураг, оролцсон хүмүүсийн дурсамжийн хамт оруулсан. 2-р бүлэгт ардчилсан хөдөлгөөнд оролцож явсан энгийн иргэдийн дурсамжийг багтаасан болно.
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
13+
Хуудасны тоо:
112
ISBN:
978-99962-1-553-7
Нийтлэгдсэн:
2020-12-14
Зохиолч:
Р. Нарангэрэл
Нийтлэгч:
Иргэний Боловсролын төв
Хамаарагдах таг
Mplus апп дээрээс үнэгүй унших боломжтой.
Ижил төстэй номнууд