Дүгэржавын

Маам

Маам зохиолч багадаа Цэрэндорж гэдэг нэртэй байжээ. Түүний аавыг Мажиг, ээжийг Должин, эгчийг Мишигдорж, ахыг Дүгэржав, дүүг Данжилаа гэдэг. Түүнийг 4 настай байхад аав Мажиг /гавж/ хэлмэгдэн буудуулж, түүнээс 10 жилийн дараа ээж нь хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Аав нь хэлмэгдсэн учир Цэрэндорж хүү нэрээ сольж ах Дүгэржаваараа овоглох болсон байна. Зохиолч Маамын анхны зохиол нь “Мөнгөн өвөл” шүлэг байлаа. Тэрээр 9 настайдаа Түвшинширээ сумын бага сургуульд элсэн орж улмаар Сүхбаатар аймгийн дунд сургуульд 8-р ангиа төгсчээ. 1951-1954 онд Багшийн техникумыг онц дүнтэй төгссөн тул 1954-1957 онд Багшийн дээд сургуульд шууд элсэн орж Орос хэлний багшийн мэргэжил эзэмшжээ. 1957-1958 онд Сүхбаатар аймгийн арван жилийн сургуульд Орос хэл, Уран зохиолын багшаар ажилласан бөгөөд 1959-1962 онд Ардыг Гэгээрлийн яамны хүүхдийн утга зохиолын газрын редактороор ажиллажээ. 1962-1968 онд Москва хотноо Олон улсын харилцааны дээд сургуулийг “Олон улсын түүхч” мэргэжлээр төгссөн. Мөн тэрээр Гадаад явдлын яаманд референт, Каир дахь Монголын элчин сайдын яамны орчуулагч, атташе зэрэг алба хашиж байгаад шинжлэх ухааны академийн Дорно дахины судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, дэд захирлын алба хашжээ. 1990 оноос Монголын Зохиолчдын Эвлэлийн нарийн бичгийн дарга, даргаар ажиллаж байлаа. 1990-1992 онд Улсын Бага Хурлын гишүүнээр ажиллаж шинэ Үндсэн хуулийг боловсруулах батлахад өөрийн оюун ухаан, мэдлэг чадвараа зориулж явсан төр нийгмийн нэрт зүтгэлтэн.

Та нэвтэрч орно уу!