Цэдэвдамба

Оюунгэрэл

Цэдэвдамбын Оюунгэрэл нь 1966 онд Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн. 1983 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 1-р дунд сургуулийг алтан медальтай дүүргэж, 1988 онд ЗХУ-ын Свердловск хотын УАААДС-ийг төлөвлөлт эдийн засагч мэргэжлээр улаан дипломтой төгссөн. 1993 онд ОХУ-ын Москвагийн Олон улсын бизнесийн дээд сургуульд Бизнесийн удирдлагын магистр, 2004 онд АНУ-ын Стэнфордын Их сургуульд Олон улсын бодлого судлалын мастерын зэрэг тус тус хамгаалжээ. 2006 оны АНУ-ын Йелийн их сургуулийн “Йелийн дэлхийн андууд” хөтөлбөрт суралцаж, 2011 оны АНУ-ын Эйзэнхауэрийн тэтгэлэгт шалгаран оролцсон байна. Ажил, амьдралын гараа Эзэмшсэн мэргэжлийнхээ хүрээнд 1988-1991 онд Хөвсгөл аймгийн Материал техникийн хангамжийн удирдах газарт мэргэжилтэн, 1991-1992 онд Хөвсгөл аймгийн АДХГЗ-нд Хөдөлмөр, нийгэм хангамжийн хэлтсийн дарга, 1993-1996 онд Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газарт ахлах мэргэжилтэн, 1996-1997 онд УИХ-ын дэд даргын туслах, 1997-1998 онд “Өмч хувьчлал” төслийн менежер, 1998 онд Монгол Улсын Ерөнхий сайдын шадар туслах, 1999-2000 онд УИХ дахь Олонхийн бүлгийн Ажлын албаны дарга, 2000-2003 онд УИХ-ын гишүүний зөвлөх, “Эрх чөлөө” төв ТББ-ын гүйцэтгэх захирал, 2004 онд Монгол Улсын Ерөнхий сайдын шадар туслах, 2004-2006 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, 2009 оноос эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх, орон тооны бус зөвлөхөөр тус тус ажилласан. Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэл нь 2012 оны УИХ-ын сонгуулиар Нийслэлийн Хан-Уул, Багануур, Багахангай дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Уран бүтээл Тэрээр олонд танигдсан улс төрч, нийгмийн зүтгэлтэн төдийгүй монголын номын зах зээл дэх шилдэг борлуулалттай номуудын зохиогч юм. Түүний “Америкт суралцсан тэмдэглэл” /2007/, “Нүүдэлчний яриа” /2008/, “Миний ажлын ноу-хау” /2010/ номууд нь англиар ярьж сурах хүсэлтэй хүмүүс, гадаад оронд суралцах оюутан залуус, эх орондоо амжилттай ажиллахыг хүссэн хэн бүхний ширээний ном нь болж чадсан. Мөн “Гэрт болсон яриа”/2011/ ном нь хүн амын эрүүл мэндийн боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Ц.Оюунгэрэлийн бичсэн “Ногоон нүдэн лам” түүхэн роман нь 2008 онд анх олны хүртээл болсноосоо хойш жил бүр шилдэг борлуулалттай номоор шалгарч, уран зохиолын ертөнцөд “хамгийн их уншигддаг” ном болсон төдийгүй гадаад зах зээл дээр хэвлэн нийтлэгдэхээр бэлтгэгдэж байгаа билээ. Ц.Оюунгэрэлийн бичсэн “Хотол цагаан” /2009/ радио жүжиг нь олны хүртээл болмогцоо Монголын Үндэсний олон нийтийн радиогийн алтан фондод хадгалагдахаар шалгарсан. Уг жүжгийн зохиолыг Монфемнет үндэсний сүлжээ монгол уншигчдадаа зориулан хэвлэн нийтэлж олны хүртээл болгосон ажээ. “Хотол цагаан” жүжгийн зохиолын англи хэл дээрхи хувилбар нь франц хэлнээ хөрвүүлэн хэвлэгдэхээр бэлтгэгдэж байна. Ц.Оюунгэрэл нь нийгмийн хурц асуудлуудыг хөндсөн нийтлэл, шинжлэх ухаан танин мэдэхүйн мэдээлэл олгосон бүтээлүүдээрээ танигдсэн нийтлэлч, залуусыг хөтлөн дагуулсан илтгэгч юм. Тэрээр нийтлэл, илтгэлүүдийн эмхтгэл номоо удахгүй олны хүртээл болгохоор хэвлэлд бэлтгэж байна. Ц.Оюунгэрэлийн 2007 онд үүсгэн байгуулсан Нутгийн шийдэл сангаас оюутан залууст зориулсан тэтгэлэгт хөтөлбөр, судлаачдад зориулсан аялал, нийгмийн эмзэг бүлгийнхэнд хандсан жижиг төслүүдийг хэрэгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалахад чиглэгдсэн ном бүтээл хэвлэн нийтэлж иржээ. Түүний орчуулж, нийтийн хүртээл болгосон “Орчны эрүүл мэндийн тухай иргэний нөхөрлөлийн гарын авлага”/2010/, “Ажил мэргэжил-бага лавлах толь” /2010/ номууд нь нийслэлийн уншигчид төдийгүй, Монгол орны бүх сумдын сургууль, эмнэлэг, байгаль орчны ажилтнуудад хүрч чадсан байна. Шагнал · Алтангадас одон, Эрх чөлөөний одон · “Нийгмийн даатгалын тэргүүний ажилтан” цол, тэмдэг 2007,2008, 2009 оны шилдэг номын зохиогч, 2010 оны онцлох зохиогч

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд