Тангад

Мандир

Зохиолч, зураач, түүхч Онход Тангадын Мандирыг “Хорин нэгэн хөрөг” түүх-уран сайхны ном, “Саран зэв” түүхэн туужаар нь уншигчид сайн танина. Түүний “Түгшүүрт аялал” туужийн талаар ардын уран зохиолч С.Дашдооров “Энэ номыг “Говийн өндөр” романтайгаа харьцуулж уншаад өөрийгөө жаахан голлоо. Бид зохиол бичнэ гэж оромддог, монгол хэл, хэрсүү бичлэг, гярхай дүрслэл бидэнд байхгүй юм байна. Манай үргэлжилсэн үгийн зохиол ер нь Ринчен гуайн хэлдгээр сонины гүехэн цагаан хэлээр бичигддэг юм байна. Харин Мандир өөрөөр бичиж. Түүнд ирээдүй байна” гэсэн байдаг бол төрийн шагналт эрдэмтэн-зохиолч Ш.Гаадамба “Хорин нэгэн хөрөг” зураглал өгүүллэгүүдийн дотор өгүүлэгдэж буй “Монголын нууц товчоо”-ны түүхт хүмүүсийн тухай “Түүхийн товчоо” гэсэн лавламж мэдээллийн зурвас оруулж бичсэн нь...өгүүллэгийн байгууламжийг сонирхолтой болгосон хэрэглүүр нь мөн тул үүнийг үлгэрлэн хэлбэл уран баримлыг тогтоох яс мод, гол төмөр гэж ойлговоос зохилтой. Эдгээр хорин нэгэн зураглалыг Монголын түүхэн ойллого бичиг, сонгодог бичгийн үг хэлний найруулгаар зохиож, түүхэн хүмүүсийн үг хэллэгийг тухайн үед үнэхээр ийм хэл найруулгатай байсан болов уу гэж үнэмшигдэхээр байгаа нь манай уран бүтээлчдэд тустай болно” гэж үнэлэн бичсэн байдаг. Наяад оны сүүлчээр бичигдсэн “Хорин нэгэн хөрөг” номыг багадаа уншиж өссөн, түүхт хүмүүсийн дүрийг гайхан биширч явсан хүний хувьд Т.Мандир хэмээх эрдэм бишрэлт эгэл хүмүүний Чингэлтэйн аман дахь уран бүтээлийн өргөөнд зочилж хөөрөлдлөө. -Танайх хотын төвөөс зайдуу, утаа униар, дуу чимээнээс ангид сайхан аж төрдөг юм байна. Уран бүтээлийн андууд чинь зорьж их ирэх үү? -Монголын радиогийн сэтгүүлч, цаг уурч Шаагаа анд маань их ирнээ. Шагдарсүрэн гавьяат чинь миний даалууны анд байгаа юм. -Та хэд тэгээд даалуу их тоглох уу? -Өө бид чинь даалууны “Хас” дэвжээтэй. Анх үүсгэн байгуулсан хүн нь “Хөдөлмөр” сонины сэтгүүлч, хүүхдийн зохиолч Төмөртогоо маань байгаа юм. Цаг уураас Шаагаагаа, Сангидансран нарыгаа уруу татаад чөлөөт цагаараа тоглоно. Нийтийн хоолны газраас Хулгар Ваня, Баянхонгорын Богдоос миний нагац ах Цэрэнчангаа бид нийлж, хагас сайны үдээс хойш цуглаад нэгнийдээ очно. Тэгэхдээ бид мөрийтэй тоглохгүй. Наймуулаа байснаас одоо эдийн засагч Маам, Шаагаа бид гурав л амьд үлдлээ дээ. Ерэн хоёр онд даалууны тэмцээн хүртэл зохион байгуулж байлаа.

Та нэвтэрч орно уу!