Дугаржав

Осгонбаяр

ЗАВА ДАМДИН РИНБҮЧИ. Номын нэр ЛУВСАНДАРЖАА, эцэг эхээс хайрласан алдар Дугаржавын ОСГОНБАЯР. Бурханы шашны Гэвш равжүнба цолтой, төвд, манж, англи хэлтэй. 1976 онд Улаанбаатар хотноо эцэг Н.Дугаржав, эх Ж.Гүндэгмаа нарын хүү болон мэндэлсэн. 1984 онд нийслэлийн 53 дугаар сургуульд орж Бэхбат багшаар бага анги хөтлүүлсэн. Дунд ангиас Сугаржав багшаар хөтлүүлж 6-р анги төгссөн. 1990 оны цагаан морин жил аав Дугаржав, дүү Билгүүний хамт Амарбаясгалант хийдийг зорин, олон бэрхшээл туулан явгаар очиж Уран Данзан тэргүүтэй өвгөн багш нарын өлмийг шүтэн бурханы номд шамдсан. 1991 оноос Монгол Ринбүчи Гүрү Дэва багшийн өлмийг шүтэж бурханы шашны зан үйл, ая дан, шашны хөгжим, балин тахил, уншлага ном, гүн ухаанд шамдахын хажуугаар багшийн ажил үйлсэд бие, хэл, сэтгэлээс шантрал үгүй хичээн зүтгэсэн. Бас тэр цагаас хийдийн унзад байсан. 1996-2000 он хүртэл Монгол Ринбүчи багшийн зарлигаар Швейцарь улс дахь Буддын гүн ухааны их сургууль болох Равдан Чойлин хийдэд очиж Гонсар Ринбүчи багш болон гэвш Түвдэнпэрэнлэй тэргүүтэй олон багш нарын өлмийг шүтэж их бага таван ухаан, судар тарнийн агуу номлолд өөрийн оюуны савны хэрээр хичээн суралцсан. Гонсар Ринбүчи багшаас гэвш Равжүнба цол хүртсэн. 2000 оноос мөн багшийн зарлигаар Амарбаясгалант хийдийн цорж лам болж олон залуу лам нарт хэл, бичиг тэргүүтэй аливаа мэддэгээ зааж хийдийг удирдан авч явсан. 2003 онд Монгол Ринбүчи Гүрү Дэва, гэвш Түвдэнпэрэнлэй, Гонсар Ринбүчи, Дагом Ринбүчи багш тэргүүтэй шарын шашны лам хувилгаад болон Сэтав сахиусны зарлигаар умардын их Монгол орны мэргэдийн эрх баялаг Зава Дамдины хойд дүрийн ширээнд суусан. 2003 онд Амарбаясгалант хийдэд Гүрү Дэва ринбүчи багшийн зарлигаар, уран Данзан багш, гэсгүй багш Сэрээтэр тэргүүтэй өвгөн багш нараар уламжлан цамыг сэргээн дэглэсэн. 2005 оноос Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутаг дахь Зава Дамдин ламын байгуулсан Дэлгэрийн Чойрын хийдэд настай ээж, лам дүү болон хэдэн жаахан лам шавь, бяцхан цагаан нохойтойгоо очиж сүм дугана шинээр байгуулан суусан. Биднийг очиход чин зоригт Лхам эмээ зарим нэг хуучны ном, судар, лам, бурхадын шүтээнийг нэгэн насаар хадгалсаар бидний гарт өгсөн. 2007 онд Дээд дүрийн Зава Дамдин гуайн зохиолуудаас Монголын түүхийн “Хор Чойнжүн”-гийн үндсийг орчуулсан ба Зава Дамдин гуайн 140 жилийн ойг олон улсын шашин, шинжлэх ухааны хүрээнд тэмдэглэсэн. Шинжлэх ухааны академаас “Дуун хөрвүүлэгч” цол хүртсэн. Тэр жилдээ Монгол ринбүчи багшийн зарлигаар Ямандага бурханы их нэнчэнг эхэлж, 2011 он хүртэл багшийн зарлигаас хазайлгүй дөрвөн жил бүтээсэн. 2011 оны 11 дүгээр сард их нэнчэнг гадаалсан 2017.онд Их Соён гэгээрүүлэгч Маха Бандида Зава Дамдин гуайн 150-н жилийн ойг тэмдэглэсэн. Үүнд Зава Дамдины “Хор Чойнжүн Алтан Дэвтэр”-ийн “Дэд Дэвтэр”-ийг орчуулж Төр Түмэндээ барьсан. Хор Чойнжүн Алтан Дэвтэр сэдэвт Олон Улсын Эрдэм Шинжилгээний Хурал хуралдуулсан. Зарлигаар Байгуулсан Соёмбот Орон нэрт Алтан сүмийг арван жилийн турш барьж байгуулан нээлтээ хийж Равнай өргөсөн.

Та нэвтэрч орно уу!