Мэндсайхан

Энхсайхан

Тэрбээр 1955 оны 6 дугаар сарын 4-нд Улаанбаатар хотод төрсөн. Украины Киевийн Улсын Их Сургуулийг олон улсын эдийн засгийн харилцааны мэргэжлээр төгссөн. Москвад эрдмийн зэрэг хамгаалсан. Гадаадтай эдийн засгийн талаар харилцах яаманд эдийн засагчаар ажиллаж хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Зах зээл судлалын хүрээлэнгийн анхны захирлаар ажиллаж байсан. Герман, Япон, АНУ, Австралид улс төр, зах зээлийн эдийн засаг, мега төслийн курст суралцаж мэдлэг мэргэжлээ гүнзгийрүүлж байсан. Эдийн засгийн ухааны доктор. 1990 оны ардчилсан өөрчлөлтөөр байгуулагдсан анхны байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хурлын Эдийн засгийн Байнгын Хорооны даргаар ажиллаж Монголд шинэ Үндсэн хууль батлах, манай эдийн засгийг зах зээлийн харилцаанд шилжүүлэх реформ хийх гарааны ажилд идэвхтэй оролцогч байсан. 1993-1996 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажилласан, 1996-1998 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж шинэчлэлийн бодлогыг тууштай хэрэгжүүлсэн төрийн зүтгэлтэн. Тэрбээр 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж нийт сонгогчдын 20 хувийн саналыг авч байжээ. Ардчилсан Холбоо эвсэл болон Монгол Улсын Анхны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанийг амжилттай удирдан зохион байгуулсан, АН-ын даргаар ажиллаж байсан, 2006 онд АН-аас түүнийг хассаны дараа Үндэсний Шинэ Намыг үндэслэж, Эх Орон-Ардчилал Эвслийг сонгуульд амжилттай оролцуулж Эвслийн Засгийн газарт Шадар сайдаар орж ажиллаж байсан улс төрч. Тэрбээр Засгийн газарт мега төсөл хариуцсан сайдаар ажиллаж байсан, Шведын Вант Улсад суух элчин сайдаар томилогдон ажиллаж байв. Түүний хийж ирсэн ажлыг үнэлж Монгол төр түүнд Монгол Улсын Гавьяат эдийн засагч цол олгосон.

Та нэвтэрч орно уу!