Аз жаргалын эрэлд

Аз жаргалын эрэлд

Ихэнх хүний амьдрал гэдэг цангасан гөрөөс зэрэглээг ус гэж харан уух гэж давхисаар харангадаж үхдэг шиг хэзээ үхэхээ мэдэхгүй аз жаргалын төлөө гэж зүтгэж явсаар нэг л өдөр хорвоог орхиж байдаг. Аз жаргалын төлөөх энэ их эрэл хайгуул хүн төрөлхтөн анх үүссэн цагаас л эхэлсэн байх. Энэ аз жаргал гэгч зүйлийн төлөө хэрүүл тэмцэл, дайн дажин, өсөлт уналтын давтамжаар явсаар өнөөдрийг хүрчээ. Шинжлэх ухаан, хөгжил дэвшил ч бас энэ эрэл хайгуулын үр дүнд бий болсон байж таарна. Хэдийгээр элдэв халдварт өвчинг анагаах эм тан гарч байгаа ч шинэ төрлийн өвчин, нян бий болсоор л байна. Үүнээс гадна өнөөдөр дайн дажин, хэрүүл тэмцэл, өвчин шаналал, сэтгэл гутрал, бухимдал байсаар байгааг та надаар хэлүүлэлтүй мэдж байга биз ээ. “Та аз жаргалыг хэр их хүснэ, тэр хэрээр одоо чинь там болон хувирна” гэдэг үг байдаг. Харин аз жаргал гэдэг та бидэнтэй үргэлж хамт байдаг гэдгийг олж харахгүй явдаг нэн харамсалтай. Би ч бас тэр аз жаргалыг эрэн хайж явсаар эртний мэргэдийн сургааль номлолыг сонсож шимтэн биширч явна. Энэ номонд миний санаа бодлоос шууд урган гарсан зүйл нэгээхэн бээр ч байхгүй бөгөөд мэргэн багш, ухаант эрдэмтдийн ухааны далайгаас өөрийн савны хэмжээгээр авч өөртөө дадуулж тогтоохыг хичээсэн болно. Өнөөдрийг хүртэл аз жаргалтай, амжилттай, баян чинээлэг болгох тухай ном товхимол цөөнгүй гарсаар ирсэн. Ачит багш, ээж аав, эмээ өвөө нараасаа ч сургаал сонсож ирсэн. Гэвч та бид тухайн үедээ л “Тийм шүү, тэгж болохгүй шүү, ингэж болохгүй шүү, ингэх ёстой юм байна” гэж боддог ч өдөр тутамдаа санан хэрэгжүүлж чаддаггүйн улмаас зовлон ундран гарах үйлийг хийж орхидог. Энэ удаад мөн л аз жаргалын тухай дурдах болов ч жаргал юунаас ундран гарч, юугаар хомстон алга болдог, зовлон жаргалын учир шалтгааныг өдөр тутмын амьдралын жишээнд тулгуурлан гаргасан тул санан хэрэгжүүлэхэд нэн хялбар байх болов уу хэмээн найдаж байна. Эл номны нь зарим номын адил “Баян болгоно, Шилдэг лидер болгоно” гэх шунал хөдөлгөсөн уриатай биш боловч хэрэгжүүлж чадвал амжилт, аз жаргалаар дүүрэн нэгэн болгоно гэдэгт итгэлтэй байна. Энэхүү номын бичихдээ эрдэмтэн мэргэдийн сургааль, ялангуяа Жавзандамба хутагт төвийн Д.Нямсамбуу багшийн зарлигдаж байсан сургаал, Энэтхэгийн 84 шидтэний нэг төв үзлийн их онолч, бодь сэтгэлийн уламжлалын багш Шантидева гэгээнтний “Бодисадвын явдалд орохуй” алдарт бүтээлийг гол сууриа болгон ишлэл болгон ашигласан боловч бүрэн утгыг сийрүүлэн гаргах ухаан хүчин мөхөстөх тул эглийн нүдээр харж өдөр тутмын амьдралд ойр буух зах цухаас нь дурдсаныг болгоох биз ээ. Хэрэв утгыг гуйвуулан будангуйруулсан алдаа эндэл байваас мунхаг надад ухааран сэнхрүүлж айлдахыг хичээнгүйлэн хүсэж байна. Мэргэн уншигч таны сайхан сэтгэл саруул ухаан дэлгэр байж сайн үйлс тань дэвжих байх болтугай. Сөөсөг овогт Доржпаламын Мөнх-Эрдэнэ Хамаг амьтан амгалан хийгээд амгалангийн шалтгааныг төгс олох болтугай Хамаг амьтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас эгнэгт хагацах болтугай Хамаг амьтан зовлонгүй амгалангаас хэзээд үл хагацах болтугай Хамаг амьтан ойр хол садагнан тачаах, өслөн уурлах аль алинаас нь ангид тэгш сэтгэлээр орших болтугай.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

16+

Хуудасны тоо:

ISBN:

9789997356406

Нийтлэгдсэн:

2020-04-15

Зохиолч:

Д. Мөнх-Эрдэнэ

Нийтлэгч:

Д. Мөнх-Эрдэнэ

Аудио номын урт:

4.3 цаг

Аудио номын хэмжээ:

236.1 MB

Зөвхөн Mplus апп дээр татах, унших боломжтой.

Ижил төстэй номнууд