Цэрэнпил гүнгийн хэрэг

Цэрэнпил гүнгийн хэрэг

Цэрэнпил гүнгийн хэрэг 1922 онд Ардын засгийг устгахаар тусламж эрж Япон Улсын эзэн хаантанаа хандсан Монгол Улсын Шүүх яамны бичээч Цэрэнпил гүнгийн бичиг, уг бичгийн мөрөөр Монголд явуулсан үйл ажиллагаа хийгээд энэ талаар түүх бичлэгт хэрхэн тэмдэглэж ирсэн талаар судалгаа хийж тодруулсан болно. Эл хэргийн мөрөөр судлах үзэх аваас Монгол Улсын Үндэсний төв Архив, Тагнуулын Ерөнхий газрын архив, Япон Улсын Гадаад яамны архив зэрэгт онц сонирхолтой холбогдох баримт мэдээ сэлт байгааг ашиглан эл товхимолыг бичсэн болно. Цэрэнпилийн сэдсэн зүйлийг түүний уугуул нутгийнхан тухайлбал тус хошууны туслагч Лхамжав зэрэг хэд хэдэн хүн дуртайяа дэмжсэнийг түүх бичлэгт тодруулаагүй өдий хүрсэн юм. Бас Монголын нэрт түүхч Бөртэ овогт Бавуучинбуугийн Буянчуулган агсан төр засгийн томилгоогоор Дундад Иргэн Улсад очиж, Цэрэнпилийн хэрэг явдлыг заншлан мөшгөж явахдаа Сэцэн хан аймгийн захирагч агсан Минжүүрийн Цэвээнноров хэмээх ламтан болон бусад хүмүүстэй уулзан ярилцсан тэмдэглэлийг хуучин сурвалжийн сан хөмрөгт хадгалж байдгийг ихэнх судлаачид огт мэддэггүй байв. Эд бүхнийг хичээнгүйлэн тодруулж бичсэн эл ном манай ойрх үеийн түүхийн судалгаанд дусал төдий ч атугай хувь нэмэр болно хэмээн үзэж байна. 1921 оноос эхлэн Монголын төр засаг ”Үндсэн цааз” буюу ”Үндсэн хууль” боловсруулах бэлтгэлээ эхэлж Д.Бодоо, Ж.Цэвээн нар тус бүрдээ төсөл бичсэний сацуу Америк, Норвеги, Зөвлөлт Орос Улс, Японы үндсэн хуулиуд болон Англи улсын Магна картыг 1924 оноос өмнө орчуулсан байдаг билээ. Цэрэнпил гүн нар Их Наран улсад хандаж эзэн хаантанд нь өргөсөн бичигтээ дурдсан зарим зүйл нь 1889 оны эхээр тунхагласан Японы анхны Үндсэн хуулийн заалттай тохирч байгаа нь санамсаргүй хэрэг бус юм. Энэхүү Цэрэнпил гүнгийн хэрэгт холбогдсон хүмүүс бүгд хэлмэгдсэн билээ.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

0+

Хуудасны тоо:

0

ISBN:

99929-43-11-4

Нийтлэгдсэн:

2020-04-27

Зохиолч:

О. Батсайхан

Нийтлэгч:

О. Батсайхан