Нэгэн гэрийн житгэрүүд

Нэгэн гэрийн житгэрүүд

Зохиолч Сү Тунгийн бичсэн “Нэгэн гэрийн житгэрүүд” хэмээх зохиол нь 1920-оод оны үеийн Хятадын нийгмийн хар бараан дүр төрх, хуучинсаг амьдралын хэв маягийг тод томруунаар дүрслэн үзүүлсэн бүтээл юм. Энэхүү зохиол нь Хятадын шилдэг туужийн зохиолд зүй ёсоор нэрлэгддэг бөгөөд хорьдугаар зууны шилдэг 100 туужийн 20-д жагссан байдаг. Уг зохиол нь Хятадын уламжлалт хүүрнэл зохиолын сонгодог хэв маягийн дүрслэлийн аргыг орчин үеийн энгийн хүүрнэх өгүүлэмжтэй хослуулан бичсэнээрээ шинэлэг хийгээд сонгомол өгүүлэмж бүхий зохиол болж чадсан билээ. Зохиолын гол баатар Сун Лянь боломжийн амьдрал ахуйтай айлын охин байсан бөгөөд эцэг нь цайны үйлдвэр эрхлэн олсон орлогоо охиныхоо сургалтын төлбөрт зарцуулан түүний амьдрал хэвийн амар тайван өрнөдөг байв. Гэвч эцгийнх нь үйлдвэр дампуурч тэрээр амиа хорлосон нь Сун Ляний өмнө хойд эхийнхээ тулгалтаар ажил хийх эсвэл хүнтэй гэрлэх гэсэн хоёр сонголт гарч ирнэ. Амьдралын элдэв бэрхшээл зовлон амсаж яваагүй Сун Ляньд баян хүний татвар эхнэр болох нь амар хялбар, элбэг хангалуун амьдрах зам хэмээн санагдсан учир тэрээр татвар эхнэр болох замыг сонгодог. Гэвч дөнгөж арван есөн настай байсан тэрээр Чэнь овогтын дөрөвдүгээр татвар болж босгыг нь давсан өдрөөсөө эхлэн нэгэн хүний житгэрүүдийн атаа хорсол, хэрүүл тэмцэл дунд орж тулах түших найз нөхөдгүй ганцаардан, нэг бол хэрүүл тэмцэлд нь татагдан орох эсгэвээс үхэх гэсэн хатуу сорилттой тулгардаг билээ. Их ахайтан Үй Рүгийн гадуурхал, хоёрдугаар ахайтан Жоу Юнийн арга заль, гуравдугаар ахайтан Мэй Шанийн ил тод тэмцэл, зарц Янь Арийн хараал жатга зэрэг төсөөлөхийн аргагүй саад бэрхшээлтэй нүүр тулан учирдаг юм. Энэ бүхний эцэст Сун Ляний амьдрал, хувь заяа туйлын эмгэнэлтэйгээр дуусч байгаагаар зохиол төгсдөг болно. Зохиолч энэхүү зохиолоороо гэр бүлийн харилцаан дахь олон эхнэр бүхий хэлбэр нь ямар их харгис бурангуй зүйл болохыг яруу тодоор дүрслэн үзүүлсэн бөгөөд зөвхөн гэрийн эзний дур хайрыг хүртэхийн төлөө өрнөдөг татвар эхнэрүүдийн зөрчил нь ямар хүнд хэцүү зүйл байдаг болохыг зохиолын өөр нэгэн баатар болох Чэнь овогтын том хүү Фэй Пүгийн “Чэнь овогтын эр хүйстнүүд үе үедээ хүүхэн шууханд нүдээ ухаж өгөхөөс буцахгүй улс байсан. Энэ нь миний бие дээр ирээд тасарсан. Би бага байхын л эмэгтэй хүнийг аюултай гэж боддог байсан. Ялангуяа манай гэр бүлийн эмэгтэйчүүд бүр ч аюултай санагддаг. Тиймээс би эм хүнээс айж ичдэг” гэсэн үгээр тодорхойлон гаргасан байдаг. Уг зохиолоор хятадын нэрт найруулагч Жан И Моу “Том улаан дэнлүүг өндөрт асаа” кино хийж гол дүрд нь Холливүүдын жүжигчин Гун Ли тоглож кино шүүмжлэгчдээс өндөр үнэлэлт авсан төдийгүй 64 дэхь удаагын Оскарын “Шилдэг гадаад хэл дээрх кино” шагналыг авч байв.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

16+

Хуудасны тоо:

0

ISBN:

978-9919-23-684-7

Нийтлэгдсэн:

2020-09-11

Зохиолч:

Сү Тун

Нийтлэгч:

Ш. Батжаргал

Зөвхөн Mplus апп дээр татах, унших боломжтой.