Уулын сүүдэр буухаар
Энэхүү романд эдүгээгээс зуун жилийн өмнөх үйл явдал дүрслэгдэх агаад харц ард, хүний ганц хүү Банзар болон түүний эргэн тойрны хүмүүсийн амьдрал, хайр сэтгэл, зовлон жаргалаар дамжуулан нийгэм солигдож, цаг төр эргэж асан ардын хувьсгалын үеийн үйл амьдралыг тусган харуулжээ. Зохиолч энэхүү романдаа монголчуудын уламжлалт ахуй амьдралыг өгүүлэхдээ монгол хүний удам судар үр ачдаа өвлөгдөн, ус саваа даган хөлддөгийн адил удмын алтан хэлхээс жаргал зовлон дундуур нааш цааш тодорч бүдгэрэн байдгийг харуулжээ. Зохиолын гол дүр Банзар хэмээх бүрэг даруу монгол залуу нас биед хүрч өсөхдөө эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө зүрх сэтгэл нь хэрхэн төлөвшин тогтож буйг өнөөгийн залуу үеийн эрхэм уншигч танд ухааруулах гол зорилго агуулсан ажээ. "Аавын бийд хүнтэй танилц агтны, бийд газар үз" гэсэн ардын үг байдаг. Төмрийн уран дархан, буурал аавыгаа дээдийн оронд үдчихээд орчлонд орь ганцаараа торойн үлдсэн залуу хүү "Юу юугүй эхнэр авч амьжиргааны гадсанд аргамжигдах дэмий" гэсэн аавынхаа сүүлчийн захиасыг хэрэгжүүлж, газрын хол, усны уртад аав ээжийнхээ араас эргэл мөргөл хийх буяны эрэлд, газрын хол, усны уртыг туулан явган аялж бадарчилахдаа үлгэр домогт л гардаг, үлэмжийн гайхамшигт увдис, хятад манж хэлийг харь нутгийн өвгөн архадаас суралцаад унасан газар угаасан усаа тэмцэн эргэж ирнэ. Аж амьдралаа төвхнүүлж үр удмаараа өнөр олуулаа жарган, цаг цагийн ороо бусгай үеийг уран ухаанаар туулан, удам судраа салаалан байгаа тухай энэхүү романд өгүүлнэ. Мөнхүү агуу цэцэн, яндашгүй баян Монгол хэлнийхээ гайхамшигт өвийг сэргээн хэрэглэхийг уриалсан мэт монгол ахуй амьдралтай салшгүй холбоотой мартагдсан үг хэллэгүүдийг шигтгээ болгон ашигласан нь өнөөгийн залууст эх хэлнийхээ баялаг сангаар аялуулах боломжийг бүрдүүлжээ. Бүхэл бүтэн романд гарч байгаа бүх дүрүүд нь Монгол хүний ариун сэтгэл, эр хүний холч ухаан, бүсгүй хүний уяхан сэтгэлийг илтгэсэн байх бөгөөд нэг ч муу хүн, муу дүргүйгээр сонирхолтой адал явдал зөрчилдөөнийг харуулжээ хэмээн ахмад зохиолчид дүгнэсэн нь буй. Жинхэнэ монгол ахуй, монгол хүний мөн чанараар бичигдсэн, нийт 11 бүлэг 10 цаг үргэлжлэх энэхүү номын эхний бүлгүүдийг Soyorkh PUREVSUREN-YOUTUBE хаягаар хүлээн авч сонсоорой.
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
13+
Хуудасны тоо:
ISBN:
Нийтлэгдсэн:
2021-04-08
Зохиолч:
С. Пүрэвсүрэн
Нийтлэгч:
С.Пүрэвсүрэн
Аудио номын урт:
8цаг 22минут
Аудио номын хэмжээ:
459.7 MB
Хамаарагдах таг
Ижил төстэй номнууд