Абиш

Мекей

А.Мекей багш бол 1940 онд Баян-Өлгий аймгийн Толбонуур сумын нутагт төрсөн, 1949-1959 онд Баян-Өлгий аймгийн 1-р арван жилийн дунд сургууль, 1959-1963 онд МУИС-ийн математикийн салбарыг төгсөж 1963 оноос МУИС-д ажилласан МУИС-ийн шилдэг төгсөгч, багш, эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч, удирдагч байсан билээ. Тэрээр 1972 онд Москвагийн Улсын Их Сургууль (МосУИС)-ийн Механик-математикийн факультетад Физик-Математикийн ухааны дэд эрдэмтэн, 1995 онд Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. А.Мекей багшийн МУИС болон Монгол улсын боловсрол, шинжлэх ухааны салбарт оруулсан хувь нэмэр, хүчин зүтгэлийг өндрөөр үнэлж 1981 онд дэд профессор, 1992 онд профессор, 2004 онд Монгол улсын ШУА-ийн академич, Монгол улсын гавъяат багш, 2012 онд Монгол улсын Ардын багш цол олгожээ. А.Мекей багш 1963-1978 онд МУИС-д багш, 1978-1989 онд МУИС-ийн Физик Математикийн Факультетийн декан, 1990-1997 онд МУИС-ийн эрдэм шинжилгээ гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал, 1999-2008 онд магистр докторын сургалтын албаны эрхлэгч, 2000-2011 онд Математикийн хүрээлэнгийн захирал, 2011 оноос тус хүрээлэнгийн Алгебрийн секторын эрхлэгч, МУИС-ийн зөвлөх профессороор ажиллаж МУИС болон Монгол улсын боловсрол, математикийн шинжлэх ухаанд өөрийн бүхий л ажил, амьдралаа зориулсан нөр их хөдөлмөрч, үлгэр дууриал болсон хойч үеийн бид бүхний бахархан дуурайх хүндэт багш байсан юм. Академич А.Мекей Монгол улсад Алгебрын чиглэлээр онолын судалгааны шавь сургуулийг үүсгэн хөгжүүлж, шавь нараас нь 2 академич, 2 шинжлэх ухааны доктор, 8 дэд доктор, 20 гаруй нь магистрын зэрэг хамгаалжээ. 1972 оноос түүний санаачилгаар үүссэн “Алгебр ба Цагиргийн онол” сэдэвт эрдэм шинжилгээний семинар одоо хүртэл уламжлагдан үргэлжилж байна.

Та нэвтэрч орно уу!