Соном

Чимэдцэрэн

БНМАУ-ын СПОРТЫН ДЭД МАСТЕР СОНОМЫН ЧИМЭДЦЭРЭН /1932-2009/ Шатрын бодлого зохиогч, Шатрын спортын дэд мастер, Олон улсын шүүгч С.Чимэдцэрэн 1932 онд Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төржээ. 1958 онд МУИС-ийг математикч мэргэжлээр дүүргэж 2004 он хүртэл сургуульдаа тасралтгүй 46 жил багшлахдаа математик анализ, комплекс анализ, геометр программчлал, онолын арифметик, аналитик геометр, тусгай курсууд зэрэг нарийн мэргэжлийн болон дээд математикийн хичээлүүдийг онол арга зүйн өндөр түвшинд зааж МУИС-ийн хичээлийн хөтөлбөрт анх удаа комплекс анализын курсыг оруулж, түүний агуулгыг дэлхийн их сургуулиудын хэмжээнд хүргэж, энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд жинтэй хувь нэмэр оруулсан тэргүүний багш байсан юм. Мэргэжлийн арваад ном, сурах бичиг, гарын авлага хэвлүүлж, эрдэм шинжилгээ, судалгааны олон арван материалыг нийтлүүлэн түвд, орос, англи, эксперанто хэлийг бие даан сурч, монгол бичгийг төгс эзэмшсэн цөөн эрдэмтэн, сэхээтнүүдийн төлөөлөл байсан билээ. Тэрээр шатрын бодлого зохиомжийн онолыг бие даан судалж, дэлгэрүүлэн хөгжүүлж 1964 оноос эхлэн бодлого, этюд 200 гаруйг зохион ОУ-ын уралдаануудад 40 шахам удаа шагналт байрт шалгарснаас нь 9-д нь түрүүлжээ. 1971 онд спортын мастер, 2001 онд Олон улсын хэмжээний мастер, 2007 онд ОУШХ-ны /FIDE/ Шатрын бодлого зохиомжийн хүндэт мастер цол хүртсэн. Дэлхийн сонгодог бүтээлүүдийн цомогт 5 бодлого, этюд нь багтсан, дотоод гадаадын хэвлэлүүдэд шатар ба композицийн талаар 100 гаруй онолын материал, өгүүлэл болон ном сурах бичиг бичиж хэвлүүлсэн бөгөөд "Шатрын нэвтэрхий толь"-д Монгол улсаас бичигдсэн хоёрхон шатарчны нэг юм. Бодлого зохиох Олон улсын арав шахам уралдааныг эх орондоо санаачлан явуулж шүүгчээр нь ажиллан Монгол улсаа шатрын композицийн "дэлхийн дэвжээнд" сурталчилсан, практик тоглолтоор УАШТ болон Олон улсын тэмцээнд 30 гаруй удаа Ерөнхий шүүгчээр ажиллаж, Монголын шатарчдын чансааг анх удаа ФИДЕ-гийн аргачлалаар тооцоолон бодсон байна. 1980-аад оны эхээр шавь нарынхаа хамт шинэ санаа сэдэж хэрэгжүүлсэн нь Дэлхийн шатрын бодлого зохиомжийн түүхэнд "МОНГОЛ СЭДЭВ" хэмээн алдаршсан билээ. Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засаг үнэлж, Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан, Ардын боловсролын тэргүүний ажилтан, Алтан гадас одон, бусад ойн медалиудаар шагнажээ.

Та нэвтэрч орно уу!