17

Гомбожав

Мэнд-Ооёо

Зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо нь 13 настайгаасаа шүлэг бичиж эхэлсэн бөгөөд 1980 онд “Бодлын шувуу”, 1985 онд “Өлзий утас”, 1990 онд ”Хуурын магнай”, 1993 онд “Алтан Овоо”, 1997 онд “Утгын болор сүм”, 2002 онд “Тэнгэрийн хаяанаас нүүдэлчид айсуй”, 2007 онд “Яруу найраг шидэт долгион”, 2010 онд “Гэрэлтэх агшин бүр”, “Хэсэг цагаан манан”, 2012 онд “Гэгээнтэн” (роман), 2015 онд “Шилийн Богд” (роман), "Гол ус тунгалагших цаг", 2016 онд "Оюун санааны хээр тал", "Нүүдэлчин одны үлгэр", "Дөчин нэгэн хунгийн домог", "Хөхүүдэй", 2018 онд "Оршихуйн гэрэлт хүрээн дотор", 2020 онд "Цагаан манан, гэгээн гуниг" зэрэг яруу найраг, хүүрнэл зохиол, нийтлэлийн 60 гаруй ном хэвлүүлжээ. Мөн Өвөрмонголын Ардын хэвлэлийн хорооноос түүний бүтээлийн чуулганыг 10 ботийг үндэсний монгол бичгээр эрхлэн гаргажээ. Г.Мэнд-Ооёогийн бүтээлүүд англи, орос, хятад, франц, испани, герман, япон, хинди, грек, бенгал, тамил зэрэг дэлхийн 60 шахам хэлээр орчуулагдан хэвлэгджээ. Г.Мэнд-Ооёо нь 2009 онд Унгарын нийслэл Будапешт хотноо болсон Дэлхийн Яруу найрагчдын их хурлаас “Поэт лаурет” цол, алтан титмийн хамт, 2014 оны 9-р сард Румын Улсын Крайова хотод болсон Дэлхийн Яруу найргийн наадамд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн 50 гаруй яруу найрагчдаас тодорч Гранд буюу тэргүүн шагнал тус тус хүртжээ. Мөн тэрээр 2014 онд Италийн Чиветилла Райнери сангийн тэтгэлэгт хөтөлбөрт уригдаж, Чеветилла хэмээх 15-р зууны шилтгээний урланд суун уран бүтээлээ туурвисан. 2015 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол төрийн эрхэм дээд шагнал - тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон хүртсэн анхны зохиолч юм.

Та нэвтэрч орно уу!