Норолхоожав

Хишигжаргал

Миний бие Өөлд овогтой Норолхоожавын Хишигжаргал намайг насан бага мэдээ орохоос Улаанбаатар хотын айл боловч багахан хэмжээний аж ахуй эрхлэн үхэр, адуу, ямаа, гахай, туулай өсгөн амьдардаг байв. Ачит аав минь аль болох аж ахуйн бүхий л ажилд биднийг бага балчир гэхгүйгээр оролцуулан мэдэхгүй, чадахгүй үе гарахад өөрөө бодоод хийгээрэй гэж хатуурхдаг хүн байлаа. Харин энэ үед ээж маань биднийг өмөөрч ганц ч үг хэлэхгүй бүр над уруу ч хардаггүй байлаа. Зарим үед би малын хашаанд суугаад дуу зохиож дуулдаг байлаа. Утга нь: Жинхэнэ гэр бүлдээ очих юмсан, яагаад намайг энэ гэр бүлд зарцлуулахаар өгөө вэ гэх маягтай, одоо бодоход инээд хүрээд байдаг юм. Харин ээж минь орой үдшийн цагаар элдэв хууч домог Алтай нутгийн ард түмэн, тэдний ахуй амьдрал итгэмээргүй инээдэмтэй, гунигтай, аймшигтай түүхүүд ихэд хүүрнэдэг байлаа. Ээж маань Говь-Алтай аймгийн Ээж уулын өвөрт төрж эмэг эхийнхээ гар дээр өсөж хүмүүжсэн хүн байлаа. Надад бид чинь Дөрвөд далай хаантай Дөрвөн-Ойрд-ын нутагтай Галдан Бошгитын албат Өөлд хүмүүс юм шүү гэж захидаг байв. Бага залуу насандаа эцэг эхийн хайраас хагацан амьдрал гэх эх далайд хөл тавих үед, аавын хүчлэн байж сургасан аливаа ажлын эвийг олоод хийх чадвар маань ам тосдож, ээжийн минь хэлж ярьдаг байсан домог сургамжуудаар үлгэрлэн хэт ухаантай хүн зовдог тал ихтэй, зарим зүйлд тэнэгдүү байх нь дээр гэдэг үг толгойд эргэлдэж өдрийн зовлон бэрхшээлийг үдэш нь мартаж тэсвэр тэвчээртэй ухаанд суралцан эдүүгээгийн энэ амьдралтайгаа золгосон билээ. Хорвоог идэр залуугаараа орхисон боловч богинохон хэдэн жилүүдэд үлдээж орхисон үр хүүхдээ ямар их ухаанаар усалж тэтгээд буцсан юм бэ? Эртнээс Монголчууд бидэн өвлөгдөн ирсэн “Хал нь гаднаа, хайр нь дотроо” гэх ардын үгийг санан байж үр хүүхдүүдээ бага балчир гэж бодолгүй аливаа зүйлийн ухааныг ухааруулан ойлгуулаасай хэмээн хичээнгүйлэн энэ түүхүүдийг бичиглэв.

Та нэвтэрч орно уу!