
Хөгждөггүйн тухай тэрс үг минь
Миний эл номын гол утга бол гуравхан сая монголчуудын тал нь яагаад өөдлөхгүй байгаа тухай сэтгэхгүй бол болохгүй боллоо шүү, аюулын харанга дэлдлээ шүү гэдэг санаа юм. Ард түмнээ ажил хийлгэж чадах улс төрийн нам, төр, засаг, лидер энэ 28 жилд бидэнд нэг ч заяасангүй гэж үү? Ажилсаг хөдөлмөрч хүн, ажилсаг хөдөлмөрч ард түмэн л сайн сайхан явдаг гэдэг энгийн үнэнийг ард түмнийхээ орой руу ортол, ой тойнд нь арилшгүйгээр суулгаж өгөх төр дутагдлаа гэж үү? Хөдөлмөрлөж байж улс хөгждөг, амьдрахын тулд өөрсдөө тэмцэх ёстой гэдгийг ард түмэндээ яс маханд нь тултал ойлгуулах төр үнэхээр дутагдаж байна! Гэхдээ би төр рүү шууд дайрмааргүй байна. Төрийн толгойд дайрч гараад зайдалж суусан нэг ч тохиолдол 28 жилд тохиогоогүй. Төр-засгаа бид л сонгож ирсэн. Бидний олонхийн сонголт нь тэр. Төр ард түмнээ хэргээр ядуу байлгаад байгаа юм ер байхгүй. Энд би монголчууд бултаараа сэтгэхгүй бол болохгүй тухай, оройтож байгаа тухай ярьж байна. XXI зууны эрчтэй хөгжлийн эринд энэ цөөхөн хүн ардыг чинээлэгжүүлж, мөнгөжүүлж хүчрэхгүй байгаа тухай ярьж байна. Ядуу байгаагийн гайгаар Монголын нийгэм ямагт тогтворгүй байна. Төр-засаг нь булаатай минан дээр, хэзээ мөдгүй огцрох аюулын дор байж ирсэнийг би хэлж байна. Ардчиллын 28 жилд гэгээлгээр дуурсагдах нэг ч улс төрчгүй, салбартаа сайн нэртэй үлдсэн ганц ч сайдгүй, бүр жилийн өмнөх Ерөнхий сайдаа ч таг мартчихсан байгааг нь би хэлж байна. “Би Монголын ард түмэнд яагаад дуурсагдахгүй байна вэ?” гэдэгтээ өмнөх 4 Ерөнхийлөгч, өмнөх 16 Ерөнхий сайд, өмнөх 9 спикерүүд дүгнэлт хийдэг болов уу? Улс төр хийсний чинь шан ердөө энэ шүү дээ! Aжилгүй, орлогогүй, ядуу нийгэмд лидер, эрх баригч байх хамгийн тамтай ажил гэдгийг манай улс төрчид зах зухаасаа ойлгож эхэлсэн байх. Хичнээн хийж бүтээгээд, санаачлаад (“Мянганы зам”, “Их өрийг тэглэсэн” гэх мэт, эсвэл олон хуулиуд), хичнээн эрдэмтэй нөхөр төр-засаг толгойлоод ард түмний тал нь ядуугаараа, өлөн зэлмүүн байх аваас ямар урам байх юм бэ? Ямар таашаал авах юм бэ? Улс төр хийсний утга энд гарч ирэх юм уу? Одоо олон таван үггүй, олон санаагүйгээр Зүүн Азийн хөгжлийн туршлагыг шууд хуулбарлая. Зүүн Азийн хөгжлийн туршлага гэгчийн гол амин сүнс юу юм бэ? Анхлан дайны дараахи Японд туршаад дараа нь “Бар улс”-ууд авч хэрэглээд, Хятад туршчихаад өнөө хүргэсэн туршлага юм. Нэг үгээр ард иргэдээ албадаж ажиллуулах, албадаж мөнгөжүүлэх, залхуу хойрго, салан задгай, хойш суугчдыг нийгмээс хүчээр шахаж зайлуулах, түүндээ хүчирхийллийн машин ашиглах туршлага шүү дээ. Айдсаар хүн ардаа буланд шахна гэсэн үг л дээ. Ажилгүй, залхуу, мөнгөгүй байх нь нийгэмдээ ялгаварлагдаж, гадуурхагдаж, тэр нь өөрт нь айдас аймшиг байх болно гэдгийг Зүүн Азийн туршлага хүн ардынхаа тархинд хэдэн үеэр нь суулгаад өгчихсөн. Энэ талаар монголчууд огт сэтгээгүй яваа, сэтгэх ч үгүй. Оройтоогүй дээр нь ядуурал, ажилгүйдэл, архидалтыг маш ноцтой гэмт хэргийн зүйл ангид оруулж тооцсон ямар нэгэн хууль боловсруулж УИХ-д өргөн барихгүй бол тун ноцтой аюулын дор улс үндэстэн маань ирлээ шүү!
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
13+
Хуудасны тоо:
0
ISBN:
Нийтлэгдсэн:
2018-10-18
Зохиолч:
Д. Баярхүү
Нийтлэгч:
Д. Баярхүү
Ижил төстэй номнууд